home НИЙГэм Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой

8 сарын өмнө

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ.

Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.

Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан юм.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/3222gbd94

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.