home Технологи Утасны хэрэглээгээ хянах 14 ХЯЛБАР АРГА

Утасны хэрэглээгээ хянах 14 ХЯЛБАР АРГА

11 сарын өмнө

Чухал ажил, гэр бүл, ойр дотнын хайртай хүмүүстээ зарцуулах цагаа гар утастайгаа өнгөрүүлэхэд  зориулаад байгаа юм биш биз?

Утсандаа хэчнээн их цаг зарцуулж байгаагаа мэддэг ч  хянаж чаддаггүйгээсээ болж  хамаг цагаа нийгмийн сүлжээгээр “аялж”, Youtube-ийн бичлэгүүд үзэж, дуртай тоглоомоо тоглоход зарцуулснаар нэг л мэдэхэд алтнаас үнэтэй цагаа хий дэмий барсан байгаагаа анзаарах болно.

Фэйсбүүк, Твиттер, Инстаграмын “амьдрал”-даа цаг үргэлж санаа тавьж, утсаа шалгах зуршилтай болсон бол ТАНД гар утасны хэрэглээгээ хэрхэн хянах талаар зөвлөгөө өгч байна.

1. Утсандаа “Checky” аппликейшн суулгаарай.
Ингэснээр өдөрт та утсаа хэдэн удаа шалгаж, хэчнээн цагийг зарцуулж байгаагаа мэдэх болно. Энэхүү аппликейшнийг суулгасан хэрэглэгч өдөрт 300 удаа утсаа шалгаснаа мэдээд ихэд цочирдож байжээ.

2. “Moment” аппликейшн суулга
Та iPhone, iPad-тэй бол “Moment” хэмээх  аппликейшнийг суулгаж хэрэглээгээ хянан, өдөрт хэчнээн цагийг утсандаа зарцуулж байгаагаа шалгах боломжтой. Мөн та өөртөө хэрэглээний хязгаар тогтоосноор танд тухайн хязгаараас хэтэрсэн бол анхааруулах болно.

3. Утсаа өөрөөсөө нуу
Утсаа нүдэнд үл харагдах газар тавиад, дууг нь хааж, WiFi, Mobile Data-гаа унтраах, эсвэл утсаа унтраагаад үзээрэй.

4. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гарга
Өдөрт хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад тэдгээрийг хийж дуустал и-мэйл Фэйсбүүк, Инстаграм, Твиттерээ бүү шалга. Та утсандаа суулгасан Checky, Moment аппликейшний тусламжтай хэчнээн цагийг хий дэмий зүйлд зарцуулдгаа мэддэг болсон. Харин та ажлын жагсаалтаа гаргаснаар Фэйсбүүкт зарцуулдаг 30 минутын оронд чухал ажлаа амжуулж болох байснаа ойлгох болно.

Жишээ нь, та өглөө сэрээд сэрүүлгээ унтраачхаад нийгмийн сүлжээнд 15-20 минут зарцуулдаг бол түүний оронд өглөөний цайгаа бэлдэж, үсээ янзалж, угаах хувцсаа угаалгын машинд хийх зэрэг цагаа зөв ашиглах боломжтой.

5. “Notification” ирдгийг болиул
Цаг үргэлж утсанд “Notification” ирснээр таныг утастайгаа уягдахад хөтөлж байгаа гол “дайсан” юм. Хэрвээ та Android үйлдлийн системтэй  утастай бол утасныхаа settings->notifications хэсэг рүү орж аль аппликейшнээс Notification  ирэхийг тохируулж болно. Эсвэл “Manage apps”  цэс рүү орж аппликейшн болгодог тохируулга хийх боломжтой.

6. Тодорхой хугацаагаар өөрийн хуудсандаа юу ч нийтлэхгүй байх
Нийгмийн сүлжээндээ өдрийн цагаар, нэг бүтэн өдөр, бүтэн долоо хоног зэрэг тодорхой хугацаанд юу ч нийтлэхгүй байх амлалтыг өөртөө өгөөрэй. Эхлээд танд ганцаардаж байгаа мэт мэдрэмж төрөөд эвгүй байж магадгүй. Учир нь бид үргэлж хаана юу хийж байгаагаа “баримтжуулж” бусдад харуулахыг хичээдэг. Гэвч үнэн хэрэгтээ та тухайн цаг үед хийж байгаа зүйлээ бусдад харуулахын тулд зураг авах, түүнийгээ нийтлэх зүйлд л илүү анхаарал хандуулдгаас тухайн цаг үеийг бодитоор мэдэрч чаддаггүй байна.

7. Аккаунтаа устгах зоригтой бай
Хэрвээ та зоригтой хүн бол гар утсаа аваад цагийг тань бараад буй аппликейшнүүдээ устгачих. Энэ алхам танд үнэхээр боломжгүй мэт санагдаж байвал тухайн аппликейшнээ ашиглачхаад “log out” хийж гарч байж болно.

8. Хоббитой бол
Утас зугаатай хэрэглээ ч цагаа дэмий үрээд байна гэж бодож байгаа бол сонирхлоороо ямар нэг хоббитой бол. Хэлний дугуйлан, ном уншигчдын клуб, спорт клубүүд, бүжгийн дугуйлан, хоол хийх сургалт… Юу ч байж болно. Тэгснээр та утсанд зарцуулдаг хугацааг  илүү үр бүтээлтэй өнгөрөөх болно.

9. Ном, сэтгүүл авч явж бай
Та ямар нэг газар дугаарлах, түгжрэлд зогсох зэрэг цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөх “цаг” гарч байвал ном сэтгүүл унш л даа. Таны мэдлэг дээшилж, тухайн үеийг илүү үр дүнтэй зарцуулах болно.

10. Хоолны ширээний ард утсаа март
Гэр бүлийнхэнтэйгээ хоолоо идэхдээ, найз нөхөд, хамт олонтойгоо суухдаа утсаа бариад суудаг хүмүүстэй үргэлж дайралддаг л байх. Ширээний ард суухдаа утсаа түр хойш тавьж, цагийг илүү зугаатай өнгөрөөхийг хичээ.

11. Ариун цэврийн өрөөнд утастайгаа орохоо больчихвол…
Ядаж ариун цэврийн өрөөнд орохдоо утаснаасаа түр холдож өөрийгөө амрааж болохгүй гэж үү? Үүний оронд дээр дурдагдсан сэтгүүл эсвэл сонин авч орж болно. Ядаж л эрүүл мэнд талаасаа сануулахад утсаа оролдоод удаан суух нь бүдүүн гэдэсний өвчлөлтэй нүүр тулж магадгүй шүү.

12. Утсаа сэрүүлэг болгон ашиглахын тулд орондоо авч орох шаардлагагүй
Танд 500 мянган төгрөгийн үнэтэй “сэрүүлэг” хэрэгтэй юу? Сайн бодоод үзээрэй. Унтахаасаа өмнө утсаа оролдож, нойроо хугаслах нь дээр үү? Эсвэл тэр үнэтэй цагаа өөртөө зориулж амарч, нүүрэндээ маск тавьж хэвтэх, хүүхдэдээ үлгэр уншиж өгөх, ном унших, хайртай хүндээ зориулах гээд олон хувилбараас нэгийг нь сонгох уу? Нойргүйдлийн нэг шалтгаан болдог утсыг өөрөөсөө хол байлгаснаар та сайхан амарч унтах болно.

13. Шөнөдөө “Do not disturb” хэлбэрт утсаа шилжүүл
Таны утасны settings цэсэнд “Do not disturb” хэмээх тохируулга байдаг. Үүнийг ашиглан цагийн хязгаар тогтоосноор та тухайн цагт зөвхөн favorite буюу ойр дотнын хүмүүсийнхээ дуудлагыг хүлээн авах, эсвэл огт дуудлага, зурвас, хуанлийн үйл явдлын сануулгууд хүлээн авах боломжгүй болгон тохируулж болдог байна.

14. Жолоо барихдаа ХЭЗЭЭ Ч бүү утсаа оролд!
Та жолооны ард суусан л бол хэзээ ч утсаа бүү оролд! Жолоо барьж байхдаа та өөрийгөө хянаж “чадахгүй” байгаа бол Drive Mode, Sprint Drive first, Cellcontrol зэрэг аппликейшн суулгачихвал таныг жолоо барих үеэр автоматаар ажиллаж ямар нэг дуудлага хүлээн авах боломжгүй болгодог.

Эх сурвалж: Buzzfeed.com

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/232937

АНХААРУУЛГА: Сэтгэгдэлд uria.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.